Валютын ханш :

2024 оны 4 сарын 28, 0, Ням гараг

Утсаа цэнэглэж, тухтай суух боломжтой ДУЛААН АВТОБУСНЫ БУУДАЛ

СХД-ийн 1-р хороонд “Гүнгэрваа” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дулаан автобусны буудал байрлуулжээ.

Бид энэ талаар “Гүнгэрваа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболдтой холбогдож тодрууллаа. Тэрбээр:

-ААН-үүд цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрээс тог, дулааны том дэмжлэг авсан. Үүний хариуд, мөн нийгэм рүү чиглэсэн бодитой ажил хийе хэмээн уг санаачилгыг гаргасан. Налайх явах замд дулаан автобусны буудал барьсан талаарх мэдээллийг харж байсан.

Ингээд бид нар яг өөрийнхөөрөө яагаад ийм ажил эхлүүлж болохгүй гэж бодоод энэ оны нэгдүгээр сарын 4-нд шийдэж байсан. СХД-ийн 1-р хороонд манай салбар байгууллага болох “Гүнгэрваа” худалдааны төв байрладаг. Дараа нь арчилгаа, хамгаалалтыг нь сайн байлгах үүднээс энэ байршлыг сонгосон.

Тав тухтай байлгах үүднээс, оюутан, хүүхдүүд яаралтай үед нөтбүүк, таблетаа тавиад амжуулах юмаа хийчих боломжтой нурууны түвшинд нь таарах тавцан, сандал байрлуулсан.

-СХД-ийн 1-р хорооны зүгээс та бүхний санаачилгыг дэмжсэн үү?
-Бид хорооны засаг даргад санаачилгаа танилцуулахад маш уриалагхан дэмжсэн. “Сайхан санаачилга байна. Хамтарч ажиллая” гэсэн. Цагаан сараас өмнө дулаан автобусны буудлыг ашиглалтад оруулахыг зорьж байсан ч хойшилсон. Ерөнхийдөө сар гаруйн хугацааг зарцуулсан.

-Дулаан автобусны буудлын давуу талуудаас дурдвал?
-Төмөр арамтай, шилээр битүүлсэн. Таазыг шилэн хөвөнгөөр дулаалж, чулуун дээвэр тавьсан. Шал, тайзнаасаа хайрахгүй, дулаан алдахгүй. Бороо, цас, салхи шуурганд дулаанаа хадгалсаар байна. Дотор талд нь халуун хоёр хөшиг байрлуулсан.

Тав тухтай байлгах үүднээс, оюутан, хүүхдүүд яаралтай үед нөтбүүк, таблетаа тавиад амжуулах юмаа хийчих боломжтой нурууны түвшинд нь таарах тавцан, сандал байрлуулсан. Утсаа цэнэглэх залгуур тавьсан. Гэрэл нь цагийн хэрэглээтэй буюу өөрөө шөнө унтарчихна. Өглөө 06.00 цагт гэрэл асаж, 09.00 цагт унтарна. Орой 18.00 цагт асаад 00.00 цагт унтрах юм. Энэ нь эрчим хүчинд хэмнэлттэй.

Халуун хөшиг нь халуун мэдрэгчтэй учраас тасалгааны температур зохистой түвшинд очвол унтарчихна. Дулаанаа барина.

-Хэчнээн төгрөгийн төсвөөр уг автобусны буудлыг барив?
-Яг одоогоор материалын зардалд 15 сая төгрөгийг зарцуулсан. Бусад зардлуудыг нэмсэн бодит өртөг хараахан гараагүй байна.

-Та бүхнийг эцсийн байдлаар хүлээлгэж өгөх үед оршин суугчдын сэтгэгдэл ямар байсан бэ?
-Бид хорооны засаг даргад цагаан сараас өмнө аваачиж тавина гэж хэлсэн ч үүндээ хүрч чадаагүй. Тэгээд дулаан автобусны буудлаа байрлуулахаа очихдоо хэлэлгүй шууд оччихсон юм. Буулгах явцад л сурагчид сонирхож хүрч ирээд “Ямар гоё юм бэ. Ийм гоё юм тавьж байгаа юм уу” гээд маш гоё хүлээж авсан. Тэр орой цас орж байсан. Хүүхдүүд сайхан үгс хэлсэн нь манай ажилчдад маш том урам болсон.

Улсын цэцэрлэг, хороо, ЕБС, Цагдаагийн хэлтэс, манай худалдааны төв тэр хэсэгт нэг дор байдаг учраас их хөлийн газар гэж хэлж болохоор. Тиймээс хүмүүс маш хурдан анзаарсан. Буулгасны дараа шууд л хүмүүс орж эхэлсэн. Нэг эмээд хүүхэд нь “Та эндээс байнга автобусанд суудаг юм чинь одоо амар боллоо. Энэ дотор хүлээж байгаад л унаандаа суух нь ээ” гэсэн. Бага ангийн хүүхдүүд бөөнөөрөө гүйлдэж орж ирээд л, унтарсан утсаа залгуурт залгасан жишээтэй.

Дотроо 15 орчим хүн багтах аж. 

 эх сурвалж: GOGO.MN

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа