Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

Хотын гудамжинд бохир урсгаж буй “Сантхаан” компанид хариуцлага тооцъё С.Амарсайхан дарга аа

Сүхбаатар дүүргийн VII хороо, Денверийн гудамж, 12а, 12б байрны дэргэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд баригдаж буй барилгын сууриас бохир алдагдаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ талаар манай сайт газар дээрээс нь сурвалжиллаа.

Орон сууц, оффисын зориулалтаар барьж буй тус барилгыг “Сантхаан” ХХК барьж буй аж. Тус компани барилга барихдаа бохирын шугамыг гэмтээснээс үүдэж, их хэмжээний бохир алдагдсан байна. Оршин суугчдын зүгээс холбогдох байгууллагад гомдол гаргаснаар барилгын сууринд тогтсон их хэмжээний лагийг хоёр ч удаа соруулжээ. Гэвч бохирыг дутуу цэвэвлэж, ариутгал хийлгүй орхисон байна.

“Нийслэлийн Засаг дарга хариу өгөлгүй удаж байна”

Энэ талаар Сүхбаатар дүүргийн VII хороо, Денверийн гудамж, 12а, 12б байрны “Денвер 11” СӨХ-ийн дарга Д.Сүрэнжав “Манай хоёр байрны хойд талд “Сантхаан” ХХК нь барилгын суурийн нүх ухаад 6 жил болж байна. Суурийн нүхийг ухахдаа Сүхбаатар дүүргээс гардаг бохирын шугам хоолойг цоолоод удсан байна. Энэ хугацаанд суурийн нүхэн дотор их хэмжээний бохир, лаг хуримдлагдаж, үүний улмаас суурийн нүхэнд дотор ил задгай бохирын цөөрөм үүсээд удсан.

Үүнийг бид олж мэдэн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргад биечлэн орж мэдэгдэн арга хэмжээ авахыг хүссэн. Үүний дагуу 2020 оны хоёрдугаар сарын 22-23-ны өдрүүдэд бохирын баас, шээс 130 тонн бохирыг соруулж зөөх ажлыг зохион байгуулсан боловч лагийг зөөх, тус газрыг ариутгах ажлыг хийгээгүй. “Ковид-19” гэдэг аймшигт өвчин дэлхий нийтээр тархаж байгаа энэ мөчид тус хоёр байрны 237 өрхийн 1000 гаруй хүн оршин суугчид бид бүхэн энэ бохироор амьсгалсаар байна. Дээрхи байдлыг Нийслэлийн Засаг Дарга болон Газрын албанд удаа дараа шийдэж өгөхийг хүссэн боловч нааштай хариу өгөлгүй өдийг хүрч байна” гэлээ. 

Дээрх “Сантхаан” компанийн үйл ажиллагаа, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох асуудлаар оршин суугчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Иймд иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж эхэлсэн байна. 

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Ё.Энхтөр “Халдварт өвчин гарсан ийм үед хотын төвийн олон хүн амьдарч байгаа газар бохир хуримтлагдчихаад байхад мэргэжлийн байгууллага, барилгын эзэд яагаад чимээгүй байсныг гайхаад олохгүй байна. Энд ирсэн мэргэжлийн хүмүүсийн ярианаас үзэхэд барилгын суурийг цутгах үедээ шугамын дээд хэсэгт экскаваторын шанагаар цохиж цоолсон байх магадлалтай байна. Тэгэхээр 2013 онд суурийг цутгах үедээ цоолсон гэж үзвэл найман жил бохир алдаж байсан бололтой. Мөн албаны хүмүүсийн ярьж байгаагаар хуучин суурилуулсан зориулалтын вааран шугамыг сольж өөр шугам тавьсан байгаа нь барилгын эзэд хулгайгаар бохирын шугамыг зөөсөн байх магадлалтай байна.

Ер нь оршин суугчид хойд барилгаас өмхий үнэр үнэртэж байна гэж олон жил СӨХ-доо гомдол гаргаж байсан. Гаднаа ямар ч машин зогсох талбайгүй, Номын сан, Сүхбаатар дүүргийн байртай чихэлдүүлэн барьж эхэлсэн уг барилгын ажлыг зогсоох шаардлагатай байна. Уг талбайг зохих ёсоор ариутгаж, автомашины зогсоол хийж өгөхийг оршин суугчид удаа дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон газрын албанд хандсан боловч нааштай хариу өгөөгүй өдий хүрсэн. Гэтэл одоо аюулт өвчин тархах голомт болсныг анхаарах хэрэгтэй боллоо” гэв.

Дээрх асуудлаар тодруулахаар “Сантхаан” компанийн барилгын ажлыг хариуцаж буй Ц.Зоригтой холбогдоход “Бид бохирыг соруулж цэвэрлээд хөрсийг нь бүрэн сольсон. Хэд хэдэн удаа ариутгал хийсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналт, Сүхбаатар дүүргийн холбогдох хүмүүсийн хяналт дор мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэсэн” гэлээ. 

ОРШИН СУУГЧИД: “Сантхаан” компанийн газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй байна 

Барилгын суурь цутгаж олон жилийн нүүр үзсэн ч эцэстээ иргэдийн аюулгүй амьдрах орчныг алдагдуулж буй “Сантхаан” компанийн барилгын газрыг чөлөөлөх хэрэгтэй гэж иргэд үзэж байна. Тодруулбал, тухайн барилгын хойд талд, Номын сангийн барилга баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох ажээ. Иймд тухайн номын сангийн өмнө барилгын суурь цутгасан уг тайлбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагатай хэмээн иргэд онцоллоо. 

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Ц.Галбаатар “Шинэ номын сан гэж гаднаа ямар ч талбайн зохион байгуулалтгүй барилга байна. Хойноосоо АНУ-ын Элчин сайдын яам, баруун талаасаа Сүхбаатар дүүргийн байр, зүүн талдаа Сэлбэ гол, урдаа дутуу барилгын суурьтай. Уг нь энэ “Сантхаан” компанийн барилга барих гэж байгаа газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна. Цэцэрлэгт хүрээлэн болгочихвол номын сангаар үйлчлүүлж буй хүүхэд, залуус урин дулаан зуны цагт гадаа номоо уншиж чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах талаас нь дүүрэг, хотын удирдлагууд харж, газрыг чөлөөлмөөр байна. Барилга баригдалгүй олон жил боллоо. Нэгэнтээ баригдахгүй байгаа барилгын газрыг чөлөөлөх хэрэгтэй. Бохирын шугам хагалж, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж буй компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Хөрсийг сольсон гэдэг худлаа. Хөлдүү лагтай хөрсөн дээр нь шороо асгаад л орхисон. Ариутгал цэвэрлэгээ дутуу хийсэн. “Сантхаан” компани худал мэдээлэл өгсөн байна” гэв. 

“Сантхаан” компани нийтийн эзэмшлийн газар, автомашины зогсоол авахаар санаархаж байв уу

Мөн “Сантхаан” ХХК нь 12а, 12б байрны үүдний шатан дээгүүр болон автомашины дулаан зогсоолын үүд хэсгийг өөрийн эзэмшлийн талбай хэмээн шүүхэд маргаан үүсгэж байжээ. Тодруулбал “Сантхаан ХХК” нь 12а, 12б байрыг барьж, ашиглалтад оруулсан “Макс Өргөө” ХХК-ийг шүүхэд өгч, хариуцагчаар татаж байсан аж. 

“Сантхаан ХХК” нь 2015 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “"Макс өргөө” компани нь Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж ашиглалтад өгөхдөө манай эзэмшлийн газар дээр автомашины зогсоол, явган хүний зам барьсан тул хууль бусаар барьсан авто зогсоол, явган хүний замыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлж өгнө үү" гэжээ. 

Харин “Хариуцагч “Макс Өргөө” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө "Манай компани нь 132 айлын Хийморь 11 цогцолбор, зоорийн давхартаа 48 машины зогсоолтой барилгыг төрийн байгууллагаас албан ёсоор олгосон зөвшөөрөл, зураг, төсөв, эскиз, даалгаврын дагуу барилгын өмчлөгч нартай гэрээ байгуулан, 2009-2011 онд хоср хуваан барьж, сүүлчийнхийг нь 2011-4-20-ны өдөр албан ёсоор Улсын комисст хүлээлгэн өгч, барилга, түүний дор газрыг Денвер 11 СӨХ-д шилжүүлсэн бөгөөд өдгөө барилгын баталгаат хугацаа дуусаж, “Макс Өргөө” ХХК нь тухайн барилгатай ямар ч хамааралгүй болсон" гэж тайлбарлажээ.

Шүүхээс “Сантхаан” ХХК компанийн нэхэмжлэлийг хүлээн авалгүй, "Макс өргөө” компанийн талд шийдвэрлэжээ. 

“Сантхаан” ХХК нь 12а, 12б байрны гаднах нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, явган хүний зам талбайн газрыг өөрт шилжүүлж авах сонирхол байсан нь нөгөө талдаа барилга барих зөвшөөрөлд нь хэрэгтэй байсан бололтой. Барилгын тухай хуулиар барилга, орон сууц нь гаднаа автомашины зогсоол, явган хүний зам, нийтийн эзэмшлийн тайлбайтай байх ёстой. Гэвч “Сантхаан” компанийн барилга нь ямар ч нийтийн эзэмшлийн газар, автомашины зогсоолын талбай байхгүй юм. Ийм учраас , "Макс өргөө” компанийн нийтийн эзэмшлийн талбайг өөртөө авах сонирхолтой байсан бололтой. Түүнчлэн автомашины зогсоол, явган хүний зам, нийтийн эзэмшлийн тайлбайгүй газар барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн нь анхаарал татна. 

Хэрэв нийтийн эзэмшлийн газар “Сантхаан” ХХК компанийн эзэмшилд шилжиж, тус компанийн барилга баригдаж ашиглалтад орсон тохиолдолд дээрх хоёр байрны оршин суугчид байрандаа орох боломжгүй болж, автомашинаа дулаан зогсоолд тавих боломжгүй болох юм байна. Хотын гудамжинд бохир урсгаж буй “Сантхаан” компанид хариуцлага тооцъё С.Амарсайхан дарга аа. 



JAMUH.MN 

9 сэтгэгдэл

  • Олон жил барилга барина гээд иргэдэд төвөг удсан. Гэтэл бохир урсаад өвчин зовлон тусгахад хүрээд байна. Энэ дүүрэг, хотын дарга нар нь яагаад анхаарлаа хандуулахгүй байна Дэндэж байна. Дургүй хүрч байна.

  • Энэ компани барилгаа барилгүй олон жил боллоо. Одоо улс газраа булааж авах хэрэгтэй арай дэндэж байна. Ийм байж болохгүй. Арай дэндлээ. Бохир урсаад хэцүү байна.

  • Газрын гэрчилгээг нь цуцлаачээ. хөгийн компани вэ.

  • Энэ арай дэндэж байна. Хариуцлага тооцоочээ С.Амарсайхан дарга аа.

  • СБД Засаг дарга дээд цонхноос нь хараад сууж байж нүд нь сохроо юу. СБД өөрөө үйлчлүүлж бгаа хүмүүстээ машины зогсоол байхгүй хавчигхан газартай мөртлөө харьяа газраа ингээд ялзруудаад 6 жил боллоо. Яг ямар ауил хийгээд цалин аваад бдийн.

  • Энэ компанийн газрын зөвшөөрлийг цуцлаачаа. Өвөлжингөө бохир урслаа.

  • Энэ сүхбаатар дүүргийн засаг дарга ч гэсэн хамар,чих 2 нь битүүрчихсэн нөхөр юм байх даа.Өөрсдий нь баас шээс ил урсаад л байхад хуруугаа ч хөдөлгөхгүй юм.Дүүргийн иргэд бид ийм засаг дарга,ийм хотын даргатайдаа харамсаж сууна.

  • Энэ хотын дарга Амарсайхан бол иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй хүн бна шүү.Харин Батболд иргэдийн шаардлагаар шийдвэрээ хүчингүй болгож байсан нь тус байрны зүүн талд баригдаж эхэлсэн барилгын газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор харагдаж байна.

  • Ийм дээрэлхүү компанийн газрыг хураа. Энэ барилга барьж буй эзэд нь халзан Баттулга, Э.Бат-Үүл нарын хамсаатнууд гэж сонссон шүү.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа