Валютын ханш :

2024 оны 4 сарын 27, 6, Бямба гараг

Иргэд гар утас, түрийвч, бичиг баримтаа барьцаанд тавьж, өдрийн хоолоо залгуулж байна

Баянзүрх дүүргийн Дунд Дарь эхийн 2 дугаар хороонд байрлалтай "Асгат" хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Н (нэрээ нууцлахыг хүсэв) "Манайх өнгөрсөн оны аравдугаар сард дэлгүүрээ нээсэн юм. Өмнө нь 30 гаруй хүн өдөрт орж ирдэг байсан бол одоо 14:00 цаг хүртэл үйлчлүүлэгчгүй байгаа. Үдээс хойшдоо 10 гаруй л хүн орж ирдэг. Сүүлийн үед өр тавьж, зээлээр хүнсний зүйл авах хүний тоо нэмэгдсэн байна.

Бичиг баримтаа тавьсан бол ирэхгүй алга болчихдог. Бүр сүүлдээ утсаа тавиад авч чадахгүй хаяад явж байна. Хөөрхий үнэ хүрэх бүх л юмаа тавьж байгаа юм. Одоогоор манайд таван утас байгаа. Зарим нь олон нялх хүүхдээ дагуулж орж ирээд талх, боов зээлээч гэдэг. Хэдий өөрсдөө хэцүү байгаа ч өгөхгүй байж чаддаггүй. Надаас архи, тамхи гуйгаагүй шүү дээ. Хоол хүнсний тал дээр хүмүүс үнэхээр гуйлгачилж байна" гэлээ.   

Иргэд гар утас, хөөрөг, түрийвч, паспорт зэргээ барьцаанд өгч хүнсний зүйл авсныг худалдагч үзүүлэв. Тухайлбал, 3,700 төгрөгөөр нэг таташ, нэг гурил, 2-3 ширхэг ногоо авч оронд утсаа тавьжээ. Түүнчлэн түрийвчтэй бичиг баримтаа 8,000 төгрөгт өгөөд сар гаруй хугацаанд ирээгүй гэдгийг хэлсэн юм. Мөн 40,000-50,000 төгрөгөөр хөөрөг тавьсан тохиолдол ч байгаа аж. 

Түүнчлэн "Өдөртөө 10-15 ширхэг талх хангалттай гардаг байсан. Гурилан бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнээс хойш үйлдвэрээс авсан талх, боорцог тэр чигтээ хөгцөрдөг боллоо. Өөрөөр хэлбэл, татгалзахаас өөр аргагүй барааны нэг болсон. Дэлгүүрийн лангуун дээр өглөө өрсөн талх 19:00 цаг өнгөрсөн ч огт зарагдаагүй байгаа" хэмээн тэрбээр асуудлаа ярилаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа