Валютын ханш :

2024 оны 5 сарын 7, 2, Мягмар гараг

Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл рүү ирэх хөдөлгөөн ихсэх хандлагатай байна

Хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нь нийслэлд, 16 нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 228, орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. 

2022 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол хэргийн үзүүлэлтийг 2019 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдтэй харьцуулахад:

  • Гэмтсэн хүн улсын хэмжээнд 27.9%, нийслэлд 50 %,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд 3.7%, нийслэлд 21.1% тус тус буурч,
  • Гэмтсэн хүн орон нутагт 23.1%, нийслэлд 2 дахин,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлт орон нутагт 31.9% тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10,200 км хатуу хучилттай авто зам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавин ажиллажээ.

24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласны үр дүнд олон улсын болон улсын чанартай авто замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд баярын өдрүүдэд гарсан хоёр хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т болон цагдаагийн алба хаагчийн хяналт тавих боломжгүй газарт бүртгэгдсэн байна. 

Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30,000 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцжээ.

Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа