Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

"Томоохон зах, худалдааны төвийн зогсоол хүрэлцэхгүйн улмаас иргэд автомашинаа зорчих хэсгийн I эгнээнд орхиж байна"

Томоохон зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн ихсэж, авто замууд ачаалж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

"Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байна"

Энэ ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодруулахад "Улаанбаатар хотын хэмжээнд байрлалтай томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замууд нэлээд ачаалалтай байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Нарантуул, Сандэй зэрэг худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбоотойгоор Нарны зам, Намъянжүгийн гудамжны авто замууд хоёр талдаа маш их ачаалалтай байна.

Мөн Баянгол дүүрэгт байрлах Барс худалдааны төв орчим, III, IV хороолол, Хархорин, Барс-2 худалдааны төвийн орчмын авто замууд болон Дүнжингарав худалдааны төвийн зам нэлээд ачаалалтай байна.

Ялангуяа Дүнжингарав худалдааны төвийн зогсоол нь бүр дүүрсэн харагдаж байгаа юм.

Удахгүй Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор иргэд зам, худалдааны төвөөр их үйлчлүүлж, замын ачаалал ихэссээр байна.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ зохицуулалт хийн ажиллаж байгаа.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс гадна явган зорчигчдын хөдөлгөөн ч их байгаа тул алба хаагчид явган хүний гарцууд дээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж буйг хэлье" гэлээ.

"Томоохон зах, худалдааны төв рүү орохдоо иргэд автомашинаа зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орхиж байна"

Үргэлжлүүлэн "Иргэд маань томоохон зах, худалдааны төв рүү орохдоо автомашинаа зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орхиж байна. Нөгөө талаас томоохон зах, худалдааны төвийн гадна зогсоол хүрэлцэхгүй байна.

Ялангуяа зарим томоохон худалдааны төвийн авто зогсоолд үйлчлүүлэгчид бус түрээслэгч иргэдийн дийлэнх нь өөрсдөө тээврийн хэрэгслээ байрлуулжээ.

Ингэхээр үйлчлүүлэгч иргэд тухайн худалдааны төвийн гадна зориулалтын бус зогсоолд тавих зэргээр хөдөлгөөнд саад учруулах тохиолдол гарч байгааг хэлье. Бидний зүгээс холбогдох байгууллагуудад албан мэдэгдэл гаргаж өгсөн.

Иймд худалдаа, үйлчилгээний төвүүд үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байна.

Ойрын өдрүүдэд зах худалдааны төвүүдийг чиглэсэн урсгалын улмаас хөдөлгөөний ачаалал ихсэн түгжрэл саатал үүсэх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч иргэд маань бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хэсэг дээр зогсохгүй, автомашинаа зөв байрлуулах зэргээр дүрмээ баримтлан, соёлтой боловсон байхыг уриалж байна.

Мөн цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг хүсье" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа