Валютын ханш :

2024 оны 5 сарын 4, 6, Бямба гараг

Г.Алтанзаяа: Иргэд татвараа төлөөд хяналтаа тавьдаг бол улс хөгжинө

Татварын хуулийн хэрэгжилт, татварын ёс суртахууны талаар мэргэжлийн судлаач, байцаагч нарын хамтарсан "Татварын ёс зүй" хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.

Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа "Татварын ёс суртахуун гэдэг нь нийгмийн чадавхыг хэмжих хэмжүүр юм. Ёс суртахуун хэдий чинээ өндөр байна, нийгэм тэр хэмжээгээр илүү хөгжилтэй болно.

Татвараа тогтмол төлдөг, татвар төлөхийн ач тусыг мэддэг, тэр хэмжээгээрээ нийгэм, төр засагт хяналтаа тавьж чаддаг иргэдийн нийгмийг чадавхтай гэнэ. Татвар төлдөг иргэн эргээд төрд хяналтаа тавьдаг бол татварын ёс суртахуунтай гэсэн үг" хэмээв.

2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын татварын орлого 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдсэн.

Монгол Улсын татварын гүйцэтгэлийн талаар Татварын ерөнхий газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "Татварын албанд ойролцоогоор 1800 гаруй татварын байцаагч бий. Татварын албанд 204 мянган хуулийн этгээд, 2 сая иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Монгол Улсын татварын хувь хэмжээ олон улсын түвшинтэй харьцуулахад бага" гэсэн юм.

Хэлэлцүүлгийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан "МҮХАҮТ нь "Монгол Такс ТМЗ" ХХК-тай хамтран Монгол дахь татварын ёс зүйн байдлыг судалсан. Хэлэлцүүлгээр татварын ёс зүй өндөртэй байгууллага ногоон зээл авах зэрэг давуу талтай болдгийг харуулахыг хүссэн" гэв.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс гадна Татварын ерөнхий газар, Бизнесийн ёс зүйн төв болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа