Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

Б.Лхагвасүрэн: Тансаг зэрэглэлийн импортыг хориглох санал гаргана

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлт, гадаад валютын нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Зэс 10 мянга, нүүрс 100 ам.доллар давсан байна. Харамсалтай нь, манай гол худалдан авагч Хятад улс ковидын маш хатуу арга хэмжээ авч, хилийн чанга бодлого барьж байна. Нүүрс нь байгаа ч зах зээлд гаргаж чадахгүй байдалд байна. Үүнээс болж экспортын орлого хаагдаж байна. Гуравдугаар сарын байдлаар манай улс төлбөрийн тэнцэл 500 сая долларын алдагдалтай явж байна. Энэ валютын нөөц багасах, ханш өсөхөд нөлөөлж байна. Ойрын хугацаанд орох урсгал сайжирч нөөц нэмэгдэж, зах зээл тогтворжино гэж Монголбанк харж байна.

Монгол Улс 2021 онд экспортоос 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн  түүхий эдээс хамаардаг. Экспорт он гарсаар буюу нэг, хоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувийн бууралттай байна. Гэтэл импорт 20-30 хувиар өссөн байна. Импортын 30 хувийг хүнс, хувцас хунар, суудлын автомашины импорт эзэлсэн.

2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 30 хувь хэрэглээ эзэлж байна. Ялангуяа автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулж байна. Энэ нь 2022 онд өсөх хандлагатай болж, валютын нөөц, ханшид дарамт үүсгэх магадлалтай байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин буюу Засгийн газар, УИХ-д тодорхой санал тавина. Тодруулбал, хэмнэж болох, ялангуяа тансаг хэрэглээний импортоо танах саналыг УИХ-д тавина. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх санал гаргана. Нөгөө талд экспортын орлогоо нэмэх чиглэлд арга хэмжээ авах саналаа өгнө.

Монголбанк долоо хоногийн мягмар, пүрэв гаригт дуудлага худалдаа хийж байна. Цаашдаа арилжааны банкуудад нийлүүлж буй валютад тодорхой хязгаарлалт тавихаар болж байна. Нөгөө талд валютын зориулалтыг эрэмбэлэх шаардлага үүсч байгаа. Стратегийн бараа бүтээгдэхүүний импортод зориулсан төлбөр тооцоо хэвийн явах шаардлагатай. Тиймээс стратегийн бүтээгдэхүүнд тавих эрэмбэ дарааллыг гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн.

Мөн сүүлийн үеийн нөхцөл байдал, дайны мөргөлдөөний нөхцөл байдал, зарим хөөсөрсөн мэдээллээс болж иргэд банкууд дээрх төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу хөрвүүлэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс Төв банкнаас төгрөгийн хадгаламжийг доллар руу хөрвүүлэх зүйлийг Монголбанк дэмжихгүй. Тодорхой хязгаарлахыг саналыг тавихаар судалж байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь импортын 6-7 сарын хэрэглээтэй тэнцэх дүн юм. Энэ нь ханшийг тогтвортой барих түвшний нөөц мөн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв. Гэхдээ Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэж эрэлт үүсэж байгаа нь болгоомжтой хандаж, захиргааны зарим арга хэмжээ авах шаардлагатай байгааг учирлав. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа