Валютын ханш :

2024 оны 4 сарын 29, 1, Даваа гараг

Монгол улс ХИЛ-ээ бүрэн нээлээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрээр "Монгол Улсын Засгийн хуралдаж цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах нөхцөл байдал бүрдлээ. Нийт зорилтот бүлгийн 92 хувь, 3-р тунд 52 хувь, 4-р тун вакцинд 90 мянган орчим иргэн хамрагдлаа. Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж манай улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байна.

Монголын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллага, жуулчдыг саадгүй хүрэлцэн ирэхэд бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн, мөн улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа.

Бид хоёр жилийн дараа ийнхүү шар түвшинд шилжиж байгаа ч халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хариуцлагаа ухамсарлана хэмээн итгэж байна. Цар тахлын хугацаанд алдсан боломжоо нөхөх байр суурин дээрээ хатуу зогсох болно. Хамтдаа хичээж цар тахлыг даван, эдийн засгаа сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байна" гэлээ.

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо.

 

Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинг "шар" түвшинд буулгах асуудлыг хэлэлцсэн юм.  "Шар" түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагад тавьдаг хязгаарлалтыг сулруулна. Тухайлбал, одоо урлаг, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж байгаа бол "шар" түвшинд хязгаарлалт тогтоохгүй юм.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа