Валютын ханш :

2024 оны 5 сарын 6, 1, Даваа гараг

Сургууль дахь гадуурхлыг бууруулж, цахим сургалт, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээнд ахиц гаргах зорилт дэвшүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг ёс зүйн жил болгон зарлаж, сургууль дахь гадуурхал, дээрэлхэлтийг бууруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд анхаарах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, боловсролын чанарын үнэлгээ, сургалтын чанар, цахим сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бодитой ахиц гаргах зорилт дэвшүүлж, төлөвлөлт хийж байгаа аж. 

Монгол Улсын нийт цэцэрлэгийн 46.4 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 33.1 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 82.7 хувь, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77.7 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг. Мөн цэцэрлэг, сургуулийн нийт хүүхдийн 47.1 хувь нийслэл хотод суралцаж байгаа бол багш нарын 41.2 хувь нь ажиллаж байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Ханоев тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, БЕГ, БХ, БҮТ-тэй хамтран 5 үндсэн чиглэл бүхий 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэсэн байна. 

Тус аймгийн боловсролын салбарт 2022 онд бодитой шинэчлэл өөрчлөлтүүд хийгдэж, сургалтын чанарт 10-20 хүртэлх хувийн ахиц гаргах, Багш нарыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулж, мэдлэг ур, чадварыг сайжруулахад цахим платформ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашиглах төсөв санхүүгийн эх үүсвэрүүдийг тусгалаа. Бага ангийн сурагчдын монгол хэлний чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн багш нарын дэмжлэг оролцоог авах, эцэг эхийн сонголтоор цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээрх сургалтыг зохион байгуулж, уян хатан зохицуулалт хийхээр болжээ. 

Боловсролын газар, зарим цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Энэ оны хоёрдугаар сард багтаан Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн МУБИС-ийн харьяанд шилжүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар бүтэц, орон, стратегийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Мөн тус сургуулийг түшиглэн багшийн тасралтгүй хөгжлийн төв, хос хэлний судалгааны төв, ахлах сургуулиудыг байгуулж, цогцолбор байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтална хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа