Валютын ханш :

2024 оны 4 сарын 27, 6, Бямба гараг

“Попын хаад”

Поп улс төрчдөд улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй, тэдэнд ард түмний алаг ташилт хэрэгтэй байдаг. 

Ард түмэнд таалагдах гэсэн поп улс төрчид Монголын улс төрийн хүрээнд олон бий. Ашиг хонжоо, алдар нэр хайсан улс төрч сэдэв бүрийг гололгүй сэвж өгдөг уламжлалтай. 

Энэ удаагийн УИХ-д поп улс төрчид олон. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нар дөрөө харшуулан нийгэм, улс төр, хууль шүүхийн байгууллагад өрнөж буй үйл явдлыг орхилгүй попорч ирснийг олон нийт андахгүй. УИХ дахь албан бус “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийг хүртэл байгуулан ажилласан. Тэд МАНАН бүлэглэлийн эсрэг хэмээн анх Сүхбаатарын талбайд жагсаж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах сценарийн гол тоглогчид нь болж байлаа. Дээрх поп улс төрчдийн нэгдэл эндээс эхлэлтэй.

Түүнээс хойш манай попчид С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын эрүүдэн шүүсэн хэрэг гээд хууль шүүхийн байгууллагын өмнөөс хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг мөн ч их хийсэн дээ. Өдөр болгон тааралдсан сэдвээрээ хэвлэлийн хурал хийж буй Ж.Батзандан, Л.Болд нарыг поп улс төрчид гэж хэлэхгүй гээд яах билээ. Л.Болд уг нь боловсрол, мэдлэгэтэй залуу сэхээтнүүдийн нэг. Гэвч Ж.Батзандантай нийлж, нам байгуулаад “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгч болсон доо. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд ирээдүйтэй поп улс төрч болохоо хэдэнтээ харуулсан. Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоох ажиллагааг өөрийн биеэр гүйцэтгэж, хэвлэл мэдээллийнхнийг дагуулан очсон нь зүгээр ч нэг ажил биш. Ард түмэнд таалагдах гэсэн амбизтай ажиллагаа байв. 

УИХ-ын дээрх гишүүдээс “ангийн дарга” Г.Занданшатар ч попрох хэв маягт суралцаж эхэлснийг өнгөрсөн жил Салхитын мөнгөний ордын үйл явдлаас харж болохоор байна. Уг нь Г.Занданшатар дарга даруухан, дөлгөөн, сэтгэлийн хөдлөл багатай нэгэн. Гэвч Салхитын мөнгөний орд дээр өөрийн биеэр зочилж, тусгай ажиллагаа явуулсан нь тэрбээр попрох ирээдүйтэйгээ харуулсан юм. Уг нь хууль шүүхийн байгууллага хийх ёстой баривчлах ажиллагаанд УИХ-ын дарга очих нь инээдтэй, эмгэнэлтэй хэрэг. Гэвч ард түмнээс оноо авах гэсэн оролдлого гэж ойлгохоос өөр аргагүй.

Өнөөдөр хамгийн гол нь тэрхүү Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаанаас хойш юу өрнөв. Монголын ард түмэнд ашигтай шийдвэр болж чадсан уу. Түүнээс хойш манай төрийн тэргүүн шинэ жилээр мөн попорч, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж байлаа. Салхитын мөнгөний орд ҮАБЗ-ийн гишүүдийн попрох сэдэв болоод л өнгөрсөн дөө. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд орох тухай эргэж яригдсангүй. Энэ мэт одоогийн УИХ-д поп улс төрчид олон. 

Ээлжит УИХ-ын сонгууль дөхөх тусам их, бага попрохгүй улс төрч гэж үгүй. Тэр тусмаа том мажиратор тогтолцоогоор явуулах энэ удаагийн сонгуульд хэн сайн попорсон нь ялах нигуртай. 

Монголын эдийн засгийн тулгуур чулуу нь уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн. Ийм байтал уул уурхайн үйл ажиллагаагаа зогсооё, уурхайгаа хаая, Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөж гаргая гэж уул уурхайн салбараар даганасан попчид бас цөөнгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга гээд попрох дуртай улс төрчид олон бий. Ер нь поп улс төрчдийг дагасан иргэний хөдөлгөөнийхөн гэж хэсэг бүлэг арми бий болоод удаж байна.  

Гагцхүү поп улс төрчид гэж хэн бэ гэдгийг олон нийт мэддэг байх ёстой. Поп улс төрчдөд ижил, төстэй зүйлүүд олон бий. 

Бүтээн байгуулалтыг зогсоодог, гацаадаг хүмүүс нь поп улс төрчид байдаг. Поп улс төрчдөд улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй, тэдэнд ард түмний алаг ташилт л хэрэгтэй. Түүнээс асуудал шийдэгдэж, улс орны эрх ашигт хамаатай эсэх нь тэдэнд тийм ч чухал биш. Попчид ёс суртахуун, үнэт зүйл, үзэл баримтлал гэж үгүй. Тийм учраас тэдэнд итгэж найдахад бэрх. Ашиг сонирхолдоо хөтлөгдөж, ард түмнээс оноо авах гэсэн талд санаа агуулдагаараа тэд адилхан. Попчид нийгмийн хар массад илүү таалагдах нь бий. Тэд шударга ёсны дүрд тоголдогоороо хамгийн аюултай. Тиймээс жинхэнэ шударга хүмүүсээс поп улс төрчдийг ялгаж ойлгодог байх ёстой. Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, улс орны хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлно гэж поп улс төрчдөд найдаад хэрэггүй билээ. 

JAMUH.MN 




2 сэтгэгдэл

  • uyanga bol jinhen pop amitanshdee hha

  • Iim nuhduud hezee ch ul orond heregtei zuil hiihgui dee

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа