Валютын ханш :

2021 оны 10 сарын 16, 6, Бямба гараг

Аймгуудыг 20, нийслэлийг 9 тойрог болгож, тойрог байгуулна

УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

Мөн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.

Сонгуулийн хуульд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ. Энэ зарчмыг үндэслэн Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, УИХ-ын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байхаар тусгажээ.

Харин Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5 мандаттай, хороодоос бүрдсэн хоёр тойрог /нэг тойрог нь 2, нөгөө тойрог нь 3 мандат бүхий/-той байх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа