Валютын ханш :

2024 оны 4 сарын 16, 2, Мягмар гараг

Коронавирусийн халдвараар ашиг хайгчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ, Ерөнхий сайд аа

Коронавирусийн халдварын улмаас Италид 24 цагийн дотор 427 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 3406 хүрээд байна. Дэлхийн 166 оронд тархсан цар тахлын улмаас нийт 9600 гаруй хүн амиа алдаад байгаа билээ. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн юм.

Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам яаралтай арга хэмжээг, цаг алдалгүй авсны үр дүнд цар тахлын аюул өргөн уудам нутагтай Монгол Улсад тархаагүй. Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр коронавирусийн халдвараар ашиг хонжоо хайгчид Эрүүл мэндийн салбарынхныг тайван суулгахаа болив.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өвчний голомт болсон Хятадын Ухань хот руу очиж, сайн дурын эмчилгээнд оролцох хүсэлт гаргаж нэгэн үе “хийссэнийг” хүн бүр мэдэх биз. Удалгүй энэ санаа нь бүтэлгүйтэж, Эрүүл мэндийн яаманд 50 ширхэг оношлуур бэлгэлж, буяны үйлстэн болж, алдаршсан. Гэвч энэ нь найр тавьж, наймаа хийх санааных нь эхлэл байсан нь удахгүй олон нийтэд ил болсон юм. Тэрбээр дээрх оношлуурыг Эрүүл мэндийн яам өндөр үнээр худалдан авах гэж байна, би хямд үнээр нийлүүлж чадна хэмээн чанга дуугарч, олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татсан. Гэвч дэд сайд асны санал болгосон үнээс хэд дахин хямдаар Эрүүл мэндийн яам худалдан авахаар болсон нь ил болсон юм.

Тодруулбал, ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од “Монгол улс шинэ төрлийн коронавирусийн халдвар гарахад хамгийн түрүүнд Япон улсаас төрийн байгууллагуудынхаа тусламжаар 200 ширхэг оношлуурыг үнэ төлбөргүй авч, оношилгоондоо ашиглаж байсан. Үүний дараа 1 мянган ширхэг, 2 мянган ширхэг гээд Японы халдвар өвчин судлалын үндэсний төвөөс авсан байгаа. Үүнийгээ ашиглаж байгаа одоо нэмэлт оношлуурууд хэрэгтэй болсон. Манайх руу нийлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Иргэн Ж.Амарсанаагийн ярьж байгаа шиг өндөр өртөгтэй оношлуурууд биш. Энэ бол төрийн байгууллагуудын хоорондын шугамаар харьцаж авч байгаа оношлуур болохоор үйлдвэрлэгчээс нэг ам.доллар ч хүрэхгүй үнээр авч байгаа” хэмээх албан ёсны тайлбар хийж, дэд сайдтан асан ч амаа үдсэн.

Гэвч удаан дуугүй байж чадсангүй. Аргагүй биз, ашиг олж болохоор нөхцөл байдал нүдэнд нь харагдаж, шөнө нь зүүдлэгдэж байсан бололтой юм. Харин ч бүр өрсөлдөгчтэй болсныг нь цахим хуудаснаас нь харж болно.

2020 оны 03 сарын 19-нд Ж.Амарсанаа өнөөх оношлуурыг Хятад улсаас “хандив”-аар авахаар болсон бөгөөд үүнд Эрүүл мэндийн сайдын албан бланкийг “хүсэв”. Энэ нь “Оном сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатарын эгдүү, дургүй хоёрыг зэрэг хүргэх нь тэр. Ямартаа бухимдахдаа тэрбээр “Монголын төрөөр гуйлга гуйлгаад өөрөө ард иргэдэд юм бүтээсэн хүн болчих санаатай мөн ч их зүтгэж байна аа. Сонгууль болох гээд ганц ч гэсэн оноо авчих санаатай. Чаддаг юм бол өөрөө гуйгаад бүтээчихээч” хэмээх егөөдөв.

Тэр бүү хэл, Ж.Амарсанаагийн далд санааг ч ил болгож орхисон юм. Тодруулбал, тэрбээр “Яагаад луйварчин хүний хуурамч багийг хуулж хаяж болохгүй гэж? Белладона ХХК нь Хятад улсын Sansure Biotech компанитай хамтын ажиллагааны гэрээтэй. Ж.Амарсанаагийн ээж С.Дүүриймаа гуай Белладона ХХК-ийн захирал нь. Бодит байдал нэг иймэрхүү” хэмээн цахим орчинд үнэн төрхийг нь илчлэв. Түүнчлэн ард түмнээ бус ирээдүйн ашиг хонжоо бодсон талаар нь ч тэрбээр дэд сайдтан асанг чимхээд авав.

Мэдээж Ж.Амарсанаа дуугүй суух нэгэн биш. Түүний дүү Жазагийн Сугарсүрэн ахынхаа өмнөөс “тулааны талбар”-т ил гарж ирэн “Чиний ашгийн бус Элэг төв, Оном сангууд чинь бүгд ашгийн төлөө. Чи эм, тоног төхөөрөмж нийлүүлж ашиг олдог. Чиний нийлүүлж ашиг олох гэж байсан урвалжийг үнэгүй оруулах талаар яриад эхлэхээр чи ингэж харлуулж, дээрээс нь ээжийг минь тэр ашгийнхаа төлөө муулж байдаг” хэмээжээ. 

Чухамдаа “Оном сан”-гийн Д.Наранбаатар ч мөн коронавирусээр ашиг олох гэж байсан нь тэр юм. Мөн л оношлуур оруулж ирж, Эрүүл мэндийн яаманд шахах далд санаатай. Энэ тухай ч тэрбээр твиттерт жиргэсэн нь бий. Тэрбээр “Roche ПГУ кит хийгээд FDA баталчихсан шүү дээ. Молекул оношлогоо нь Германд биш Америкад байдаг. Манай хажууханд байдаг. Бид холбогдоод Монголдоо урвалжуудыг нь авахуулах яриаг нь амжилттай явж байна” гэлээ. 

Энэ санаа нь бүдгэрээд ирэхээр “ОХУ болон Казахстанд тун удахгүй байдал маш хүндэрнэ. Монгол Улс хяналтаа улам өндөржүүлэх хэрэгтэй байна. Одоо хяналт сулрах биш улам чангаруулах цаг. Хичээнгүйлэн захисан Оном сангийн эрдэмтдийн баг” хэмээжээ. Ёстой л амны бэлэгээс ашдын бэлэг гэгчээр аяглаж суугаа нь энэ. Д.Наранбаатарын тухайд сургалтын сангийн зээлээр сурчихаад төлбөрөө төлөөгүй яваа нөхдийн нэг. Тэрбээр өмнө нь Ж.Амарсанаа 6 ам.доллараар зардаг эмийг 225 мянган төгрөгөөр иргэдэд худалддаг талаар баримт дэлгэж байсан удаатай юм.

Түүнчлэн Ж.Амарсанаа “Оном сан”-гийн Д.Наранбаатарыг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гарган өгч байсан аж. Улмаар Д.Наранбаатарт хүргэгдсэн зарлан дуудах хуудсыг тэрбээр Ж.Амарсанаад хаяглан цахим орчинд дэлгэж “Үнэнээ хэлэхэд үүнээс хойш бодож явдаг юм  бий. Юутай ч энэ хүн бол могой шиг дотортой муухай хүн” хэмээсэн байсан. Магадгүй тэдний дунд энд дэлгэснээс нь өөр ч ноцтой зүйлүүд бий бололтой.  

Энэ мэтчилэн цар тахлын хэмжээнд хүрч, хэдэн мянган хүний амь насыг авч одоод байгаа коронавирусийн халдвараар ашиг олохыг хүсэгчид Эрүүл мэндийн салбарынхныг эрүүдэхийн наагуур шаналгах болж. Хэн хэн нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, энхийн төлөө зогсох ёстой хүмүүс атал нүд нь улаанаараа эргэлдэн, хөрөнгөний төлөө гүйлдэж байгаа нь харамсмаар. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн санаа бодолтой хүмүүстэй хариуцлага тооцно хэмээн сануулсан. Тэгвэл ашиг хонжоо хайсан дээрх эрхмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ Ерөнхий сайд аа.  

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа