Валютын ханш :

2024 оны 4 сарын 25, 4, Пүрэв гараг

"Байгууллагынхаа соёлыг шинээр бүтээх түүхэн үе ирлээ"

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг 38 жилийн турш үйлдвэрлэж байгаа Монгол Улсын тэргүүлэгч үйлдвэр “Эрдэнэт хивс” ХХК-ийн ажлын байрыг онцолж байна. Хивс өнгө нэмэхээс гадна орчны дулааныг хадгалж байдгаараа онцлогтой. Тэгвэл өрх айл, албан байгууллагын дулаан тохилог байдал, ажил хэргийн цэмцгэр тансаг орчинг чимсээр ирсэн тус компанийн хувьд шинэ оффисоо өөрсдийн гол нэрийн бүтээгдэхүүн болох хивсээр гоёсон нь энэ аж. Дулаан үйлдвэрлэж бусдад бэлэглэдэг тус компанийг “Дулааны вант улс” хэмээн тодотгоё. Ингээд жилд 1-1.2 сая м.кв хивс үйлдвэрлэх хүчин чадалтай “Эрдэнэт хивс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Урнаатай ярилцсанаа хүргэж байна. 

ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ БҮХИЙ ОФФИСТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС СОЁЛТОЙ БАЙХ ЁСТОЙ

-Ажлын байраа хэрхэн тохижуулсан талаар яриагаа эхлэх үү?

-Манай “Натурал Текстайл” группын удирдлагууд ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах шийдвэр гаргаж, 2017 онд одоогийн шинэ оффистоо шилжиж орсон. Манай өмнөх оффис бол нэлээн хуучин, тавилгууд нь хуучирчихсан, хоцрогдмол, чимээ шуугиан ихтэй, тохижилт муутай байсан. Энд нүүж ирээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай ажлын байр орчин үеийн хэв загвартай, яг л хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал суурь нь болж чадсан гэж боддог. Орчин үеийн хийц бүхий тавилга, тохижилт, хивс, дорожны суурилуулалт, дуу чимээг багасгасан мөн дулаан хадгалж буй байдал зэргээрээ маш тохиромжтой шийдэлтэй орчин  үеийн шинэлэг загвартай ажлын байр болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ноосон дорож дулаан сайн хадгалдаг, дуу чимээг өөртөө шингээдэг.


-Таныхаар орчны тав тухтай байдал  гэж юуг хэлэх вэ?

-Аливаа хүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайхан бүрдүүлэх нь тав тух. Тухайн ажлын байранд хүн ажиллаад гарахдаа сэтгэл ханамжтай, бүтээмжтэй байж чадвал тав тухтай байна гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд ийм орчин үеийн шийдэл орчинд ажиллаж байгаа хүмүүс соёлтой байх ёстой. Бие биедээ саад болохгүйгээр аяархан ярьчихдаг, зөв боловсон харилцаатай байвал хоорондоо эерэг үлгэр дуурайлал зогсохгүй тэр хэрээр ажлын бүтээмж ч өндөр байна гэж боддог.

-Шинэ орчинд орсноос хойш ажлын бүтээмжид хэр өөрчлөлт гарав?

-Бүтээмж сайжирсан гэж бодож байна. Хүмүүс ажилдаа дуртай ирдэг болсон. Өндөр бүтээмжтэйгээр ажлаа дуусгадаг болсон.

-Таны өрөөг сонирхъё л доо?

-Өрөөгөө тохижуулахдаа их бодсон. Яг бодсон хэмжээндээ хүрч тохижуулж чадаагүй. Харин өрөөний хананд уран зураг эсвэл хивс өлгөх төлөвлөгөө бий. Шаланд дэвссэн хивсний хувьд бас их бодож байгаад тохижуулсан. Яагаад ногоон ургамал бүхий өнгийг сонгосон маань хоёр шалтгаантай. Эхнийх нь, манай компани бол монгол хонины ноосоор экологийн цэвэр бүтээгдэхүүн хийдэг. Энэ нь манай “Эрдэнэт хивс” компани, “Натурал Текстайл” группийн том бахархал юм. Манай бүтээгдэхүүн байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй учраас хаана ч борлуулж бас хэрэглэсэн урмыг тань хугалахгүй. Олон улсын чанарын стандарт, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. “Натурал Текстайл” группийн лого, тэмдэглэлийн дэвтэр гээд бүх зүйлийн бэлгэдэлд ногоон өнгө орсон байдаг. Энэ нь манай компани экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг илэрхийлдэг. Хоёрдугаарт, хүн байгальд төрж байгальдаа шингэдэг биет гэдэг утгаараа хүн болгон, компани бүр эх дэлхийгээ, байгалиа хайрлая гэсэн санааг гаргасан юм. Гуравт, халуун орны ургамал бүхий барыг хивсэнд дүрсэлсэн. Үүгээрээ монгол ноосон хивсний түүхэн хөгжлийг бичиж буй манай хамт олон үргэлж өөрийн гэсэн үзэл санаатай, бар мэт хүчирхэг байхыг билэгдсэн.

Дэлхий гэснээс манай “Эрдэнэт хивс” компани дэлхийн 20 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргаж байна. Энэ сард гэхэд Японоос 6 мянган м.кв-ын хивсний захиалга хүлээж авсан. Бүтээгдэхүүнээ 20 гаруй оронд гаргаж буй компани цөөхөн байх. Монгол ноосон хивсийг өдийг хүртэл хөгжүүлж, дэлхийн стандарт шаардлагыг нь хангаж, бүтээгдэхүүнээ экспортолж байгаа явдалд миний хувьд хамт олноороо маш их бахархаж явдаг. Үүнийгээ бас бүхий л уриа үгээрээ илэрхийлье гэж бодсон юм.

БАЙГУУЛЛАГЫНХАА СОЁЛЫГ ШИНЭЭР БҮТЭЭХ ТҮҮХЭН ҮЕ ИРЭЭД БАЙНА

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа