Валютын ханш :

2024 оны 4 сарын 24, 3, Лхагва гараг

ДЭМБ: Коронавирусийн нийт халдварын 82 хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна

Хятадад илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын 17,000 тохиолдол дээр анхан шатны шинжилгээ хийсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд өчигдөр дүгнэлтээ танилцуулжээ.

Нийт халдвар авсан хүмүүсийн 82 хувьд нь хөнгөн, 15 хувьд нь хүнд, 3 хувьд нь ноцтой хэлбэрээр шинж тэмдэг илэрч байгааг уг судалгаа тогтоосон байна.

Хятадын эрх баригчдын гаргаж өгсөн мэдээллээр нийт халдварын тоонд харьцуулсан үхлийн тохиолдол нь 2 буюу 2-оос бага хувьтай байгаа ажээ.

“Ахмад настнууд, тэр дотроо суурь өвчтэй хүмүүс шинэ коронавирусийн халдвараар нас барах магадлал илүү өндөр байна” гэж дээрх судалгааг ахалсан ДЭМБ-ын мэргэжилтэн Мария Ван Керхове мэдээлсэн байна.

Дээрх судалгааг зөвхөн Хятадын засгийн газраас өгсөн мэдээлэл дээр үндэслэж хийсэн юм.

АНУ-ын эрүүлийг хамгаалахын албан тушаалтнууд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Хятадын талаас өгч буй тоо баримтад итгэлтэй байгаа”-гаа мэдэгдсэн юм. Гэхдээ хөнгөн хэлбэрээр халдвар тусаад эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар авсан ч шинж тэмдэг ил гараагүй байгаа хүмүүсийг оруулж тооцоогүй тул бодит байдлаас зөрөх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн АНУ-аас коронавирусийн эсрэг “remdesivir” нэртэй шинэ эмний клиник туршилтыг Хятадад хэрэгжүүлэхээр илгээж, үр дүнг хүлээж байгааг мэдээлжээ.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус дэлхий даяар амны хаалт, ариутгалын бодис зэрэг хамгаалалтын хэрэгсэл материалын хомсдол үүсэх аюултай байгааг анхааруулжээ.

“Эрэлт хэрэгцээ дээд тал нь 100 дахин нэмэгдэж, үнэ нь 20 хүртэл дахин өсөөд байна” гэж мэдэгдсэн Гебрейесус халдвар бага байгаа улс орнуудад хамгаалалтын хэрэгслийг хэт их нөөцлөлгүйгээр Хятад зэрэг хэрэгцээ 

өндөр байгаа улс орнуудад туслахыг уриалсан байна.

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 15 томоохон лаборатори тусламж хэрэгтэй байгаа улс орнуудад коронавирусийн шинжилгээ хийж өгөхийг зөвшөөрсөн тухай Ван Керхове мэдээлжээ. Үүнээс гадна молекулын түвшний шинжилгээ хийх чадавхтай нийт 159 лабораторид 250,000 ширхэг тестийн багцыг энэ долоо хоногт ДЭМБ-аас илгээсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа