Валютын ханш :

2024 оны 4 сарын 23, 2, Мягмар гараг

Монголоо хөгжүүлдэггүй хөгшчүүлийг тэтгэвэрт нь гаргая

Ардчилсан хувьсгалаас хойш 30 жилийн хугацаанд тасралтгүй парламентын гишүүнээр сонгогдож, болохгүй, бүтэхгүй бүхэнтэй “хутгалдаж” яваа цөөн хэдэн ахмад улс төрчид бий. 

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, М.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Р.Амаржаргал, Сү.Батболд, Д.Тэрбишдагва гээд цөөхөн хэдэн улс төрчид сүүлийн 30 жил Монголын улс төрд дарга, сайд хийж явна. Тэд өнөөдөр ч залуучууддаа зай тавьж өгөх хүсэлгүй байгаа ажээ. Учир нь УИХ-ын 2020 оны сонгуульд тэдний тэн хагас нь өөрсдийгөө “сойсон”. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр, Сү.Батболд, Р.Амаржаргал, Н.Энхболд нар нэр дэвшин өрсөлдөхөөр болоод байна. Дээрх ахмад улс төрчид сүүлийн 30 жил төрийн ямар өндөр албан тушаалд заларч, хэчнээн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан талаар товч дурдая. 

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 1992 оноос хойш хамгийн олон удаа буюу долоон удаа парламентын гишүүнээр сонгогджээ. Д.Лүндээжанцан 1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, түүнээс хойш 30 жил тасралтгүй хууль батлах дээд байгууллагад сонгогдсон нэгэн. Өвөрхангай аймгаас тав, Баянгол дүүргээс нэг удаа, мөн намын жагсаалтаар нэг удаа ард түмнээ төлөөлөх эрх өвөртөлж байжээ. Энэ хугацаандаа 2004-2007 онд УИХ-ын дэд дарга, 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв. 

Ц.Нямдоржийн хувьд мөн л долоон удаа сонгогдохдоо УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж, Хууль зүйн сайдаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Аль ч салбарт гурван удаа томилогдон ажилласан сайд Монгол Улсын түүхэнд байхгүй. Тэгэхээр тэр хуулийн салбарт дархлагдсан нэгэн гэж хэлж болно. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан. Энэ хугацаандаа УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, улмаар 2005 - 2009 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Монголын улс төрд ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдын албыг хашиж явсан улс төрч түүнээс өөр байхгүй билээ. Гүйцэтгэх засаглал, парламентын дарга, төрийн тэргүүний албыг бүгдийг нь хашиж явсаны хувьд одоо уг нь сэтгэл ханасан баймаар. Гэвч тэрээр улс төрөөс явах болоогүй бололтой.

Сү.Батболдын хувьд 2004, 2008, 2012, 2016 онуудад тасралтгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон. Улс төрийн карьер нь унадаггүй улс төрч. Түүнчлэн 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд, 2004-2006 онд  Үйлдвэр, худалдааны сайд, 2008-2009 онд Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд МАН-ын дарга төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв.  

Р.Амаржаргал нь 1996, 2004, 2008, 2012 онуудад дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь. 

Нямаагийн Энхболдын хувьд 2004, 2008, 2012, 2016 онуудад тасралтгүй дөрвөн удаа Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2006 - 2007 онд Гадаад хэргийн сайд, 2007 - 2008 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг хашиж байв. Мөн л карьер нь буудаггүй цөөхөн улс төрчдийн нэг. 

Дээрх улс төрчдийг насных нь хувьд аваад үзэхэд тэтгэвэртээ гарах хугацаа нь ч хэдийнээ болжээ. Ц.Нямдорж 64, Д.Лүндээжанцан 63, Н.Энхболд 63, Н.Энхбаяр 62, Р.Амаржаргал 59, Сү.Батболд 57 настай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар эрэгтэйчүүд 60 настай тэтгэвэрт гарах ёстой. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан,Н.Энхболд, Н.Энхбаяр нар аль хэдийнээ тэтгэвэрт гарах цаг нь иржээ. Р.Амаржаргал, Сү.Батболд хоёрын хувьд ч энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нөхцөлд бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусаагүй байхад тэтгэврийн насан дээрээ очих юм байна. 

Дээрх улс төрчид нь сүүлийн 30 жилд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг хашиж, улс төрийн өнгийг тодорхойлж явсан эрхэмүүд юм. Гэвч тэд Монгол Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгийг дүгнэх ёстой. Тэд ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй нийгмийг бүтээхэд ямар оролцоотой байв. Харамсалтай нь ядуурал, ажилгүйдэлгүйтэй нийгэм, шударга бус, ёс зүйгүй улс төрийн тогтолцоог бий болгосон “гол авторууд” гээд цоллочихвол хэтийдсэн хэрэг болохгүй биз ээ. 

Тэднээс одоо эрч хүч, урам зориг, шударга ёс, шинэ санаачилга, хөгжил цэцэглэлт хүлээгээд нэмэргүй. Харин ч хуучинтайгаа зууралдаж, улс төрийн “хор найруулах” ажлаа гарамгай үргэлжүүлсээр байх болно. Тиймээс ахмадуудаа тэтгэвэрт нь гаргаж, залуучуудаа дэмжих цаг иржээ. 



1 сэтгэгдэл

  • Ene teneg uvgunuudiig odoo songoj hereggui ee

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа