Валютын ханш :

2024 оны 4 сарын 20, 6, Бямба гараг

Д.Нямхүү: ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан гурван сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. Cалбар яамнаас тус халдварын голомттой бүс нутаг руу аялахгүй байх, гадаадаас ирж байгаа иргэд хариуцлагатай байхыг анхааруулсаар байна.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Истанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 129 зорчигчоос хоёр хүнийг тусгаарласан. Истанбул-УБ чиглэлээр 217 хүн ирсэн байна. Мөн БНСУ Японоос ирсэн зургаан хүнийг ажиглалтад авна. Инчоний нисэх буудлаас транзит чиглэлээр зорчсон 31 иргэнийг эмчийн хяналтад авсан” гэдгийг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ “Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна. Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа.

Ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сахиж байгаа хүмүүст талархал илэрхийлье.

Мөн цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдвар голомтлон гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байгаа. Ер нь бол дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.

Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаад, анхаарлаа сулруулахгүй улам хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа