Валютын ханш :

2024 оны 4 сарын 25, 4, Пүрэв гараг

БЗД-ИЙН ИРГЭД: Ж.ЭНХБАЯР, Б.САРАНЧИМЭГ нар ЖДҮ-ийн зээл авч, Д.ОЮУНХОРОЛ нойрмоглоод ажил хийсэнгүй

УИХ-ын 2016 - 2020 оны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдэж байна. Гишүүд намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгуулиар амласан амлалтаа бүрэн эрхийнхээ хугацаанд хэрхэн биелүүлсэн, ажил хэрэг болгосон талаар иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжилж байна. 

УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс иргэдийн төлөөлөл болж парламентад Д.ОЮУНХОРОЛ, Ж.ЭНХБАЯР, Б.САРАНЧИМЭГ, Б.БАТЗОРИГ, Ж.БАТЗАНДАН, С.ЖАВХЛАН нарын гишүүд сонгогдсон. Тэд сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэр биелүүлсэн гэж та дүгнэж байна вэ. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Цаашид JAMUH.MN сайт нь аймаг, дүүрэгт ажиллаж, иргэдийн байр суурь, сэтгэгдлийг хүргэнэ. 

Э.Бямбажав: Гишүүд хувийн эрх ашгаа дээшлүүлсэн

/Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн/

-Манай дүүргээс сонгогдсон гишүүд сайн ажлаагүй. Ж.Батзандан гишүүний хувьд үнэн юм яриад байх шиг байдаг юм. Чадал чансаа нь хүрдэггүй юм шиг байна. Б.Батзориг, Ж.Энхбаярыг харлаа, дандаа хувийн эрх ашгаа дээшлүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл өөрсдөдөө аваад, ажлын байраа дээшлүүлсэн. Одоо ичихгүй УИХ-даа суугаад цалин мөнгөө аваад байж байна. 

Төр хууль журмаа зөв баталж, бүтээн байгуулалтын ажлыг хийхгүй байна. Энд түрээс /Баянзүрх худалдааны төв/ төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа олон худалдаа эрхлэгчид дундаа эрэгтэй, эмэгтэй нэгхэн 00-ийн өрөөтэй. Доод давхар руу бууж бие засах жишээтэй. Үйлчилгээний байгууллагууд 4-5 хүн орох эрэгтэй, эмэгтэй 00-ийн өрөөтэй байх ёстой. Эхнээсээ барилга барьж ашиглалтад оруулахдаа тийм стандарттай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засаг анхаардаггүй. 

Мөн Манайх “Саруул тэнгэр 2” хотхонд орон сууц худалдан авсан. Гэтэл метр квадрат нь дутуу байсан. Барилга барьсан комьпанид нь асуудал тавихаар тоодоггүй. Төр засаг ийм асуудалд анхаарал хандуулахгүй байна. 

Б.Батзул: Хурал хийж, ажлаа тайлагнасан гишүүн байхгүй 

/Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн/

-Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд юу хийснийг мэдэхгүй байна. С.Жавхлан гишүүний хувьд хийсэн ажил гэхээсээ илүүтэй чуулганы хуралдаанд ярьж, хэлж байгааг нь харахад иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй юм уу даа гэж ойлгодог. Бусад гишүүдийг нь мэдэхгүй юм. Сонгогдож байх үедээ бараг идэх хоолыг чинь гэрт чинь дөхүүлж өгнө гэж амалж байсан. Сонгогдсоноосоо хойш алга болсон доо. Гэтэл шийдэх асуудал их бий. Дүүрэг, хороон дээр очихоор маш их хүнд сурталтай. Намын үзэл, яс үндэсний үзэл хүртэл гаргана. Төрийн ажил хийж байгаа байж цаг барьдаггүй. Гишүүд маань иргэдтэйгээ уулзаад хурал хийж болно шүү дээ. Хурал уулзалт хийж байгаагүй. Гэтэл дөрвөн жилийн дараа сая сэрсэн юм шиг биднийг санадаг. Ард түмний амьдрал бүр хэцүү байна. Худалдаа үйлчилгээ эрхлэхэд татвар хураамж өндөр. Манай дүүргээс сонгогдсон зургаан гишүүний энэ нь сайн ажилласан гэж олж харахгүй байна. Жилд нэг хурал хийгээд ажлаа танилцуулсан гишүүн байсангүй. 

Ц.Пүрэвдорж: Ж.Энхбаяр, Б.Батзориг нар өөрсдөдөө ЖДҮ-ийн зээл авсан 

/Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн/

Манай тойргоос Б.Батзориг сонгогдож гишүүн болсон. Биднийг төрд төлөөлнө гэж итгэж байлаа. Харамсалтай нь албан тушаалаа хэт их ашиглаж, төрд хохирол учруулж, тэр ч байтугай гишүүнээсээ хөөгдлөө. Өмнө нь банхар, эвтэй дөрвөн амьтны хөшөө барих ажлаас мөнгө идсэн гэхэд нь өмөөрдөг байлаа, Гэвч ЖДҮ-ийн зээл өөртөө авсан нь тогтоогдсон. 

Мөн Ж.Энхбаяр гэж гишүүн байна. ЖДҮ болон бусад сангуудаас мөнгө авчаад ичих ч үгүй өөрийн фермер дээрээ очиж зургаа авхуулан фэйс дээр тавьсан. Үнэндээ бол мөнгө хүүлж ашиг олдог хүн юм байна. Баялаг бүтээж биш бусдын бий болгосон баялагыг сорон авдаг хүн байна. 2016 онд Стив Жобсыг дуурайж цагаан цамцныхаа ханцуйг шууж байгаад 1000 залууг дэмжиж, 1000 бизнес босгоно гэж байсан. Бид тэр үгэнд нь итгэсэн. Би өөрөө жижиг дунд үйлдвэр эрхэлдэг хүн. Тэгсэн бидэнд олддоггүй тэр ЖДҮ-ийн зээлийг хэдэн зуун саяар нь өөрөө л авсан. Ер нь Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд маш муу ажилласан. Дүүргийн удирдлагууд нь ч тэр хэрэлдэхээс өөр юу хийв. Юун ажлын байр бий болгох, хаана байна тэр амлалтууд нь. Биелсэн ажил байхгүй байхад худал тайлан тавиад бүтээн байгуулалт хийсэн гэж байна. Тэд лав энэ сонгуулиар тойргоо солих биз. Ирэх сонгуулиар хуучин гишүүдийг бүгдийг нь сонгохгүй баймаар байна.

Б.Цагаач: Д.Оюунхорол гишүүн тойрогтоо юм хийсэнгүй

/Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн/

-Ажил хийж байгаа хүн байхгүй байна шүү дээ. Ард түмний амьдрал маш тааруу байна. Манай дүүрэг, хороонд энэ хүн гарч ирээд ийм ажил хийгээд саачирсан байна гэж хэлэхээр юм ерөөсөө харагдахгүй байгаа. Д.Оюунхорол гишүүн тойрогтоо юм хийсэнгүй. Баахан Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл “идсэн” хүмүүс л байна. Улс төрчид яагаад төрд гараад байгаа нь шалтгаан нь өөрсдийгөө хөрөнгөжүүлье, үр хүүхэддээ өв хөрөнгө үлдээе гэж гардаг юм шиг байна. Төрд сайн ажиллаж, улс орондоо хэрэгцээтэй зүйл хийе гэсэн бодолтой хүн харагдахгүй байгаа шүү дээ. Манай дүүргээс сонгогдсон гишүүдээс ажил хийсэн хүн алга. С.Жавхлан гишүүн ярьж, хэлж байгаа ч хийсэн ажил бас харагдахгүй байна гэж бодож байгаа.

Д.Мөнхтуяа: Сонгогдох үедээ л иргэдтэй уулздаг

/Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн/

-Ж.Батзандан гишүүн юм яриад яваад байдаг. Хийсэн ажлыг нь сайн мэдэхгүй байна. Бусад гишүүдийг нь мэдэхгүй юм. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд ямар ажил хийснийг мэдэхгүй. Сонгогдох үедээ л иргэдтэй уулздаг болохоос уулзалт хийдэггүй шүү дээ.

Уулзалт хийж, хийсэн ажлаа танилцуулбал юу хийснийг мэдмээр байна. Мэдэхгүй учраас ярих зүйл алга. 


Б.Энхцэцэг: Ж.Энхбаяр ЖДҮ авсан ч хариуцлага хүлээсэнгүй

/Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн/

-Манай дүүргээс сонгогдсон гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл өөрсдөдөө авсан асуудалд холбогдлоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр манай тойргоос сонгогдсон. ЖДҮ авсан ч хариуцлага хүлээсэнгүй. Харин Б.Батзориг ЖДҮ-ийн олгосон хэргээр УИХ-ын гишүүнээсээ буусан. Одоо харин хариуцлага тооцох эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Уг нь ЖДҮ-ийн зээл авсан, олгосон хүмүүст бүгдэд нь хуулийн хариуцлага тооцох ёстой. Гэтэл хууль шүүхийн байгууллага ажлаа хийхгүй байна. 

Мөн Д.Оюунхорол гишүүн байна. Нойрмоглосон хүн л харагддаг. Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг нар ЖДҮ-ийн зээл авч, Д.Оюунхорол нойрмоглоод ажил хийсэнгүй. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. 

Н.Уянга: ЖДҮ-ийн зээл авсан, попорсон хүмүүс л байна

/Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн/

Манай хороо нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сонгогдсон тойрогт хамаардаг. Б.Саранчимэг хорооны Өрхийн эмнэлэгт тоног төхөөрөмж өгч, өнгөрсөн жил иргэдтэй уулзалт хийж байсныг санаж байна. Гэвч ЖДҮ-ийн зээл авсан нь тогтоогдсон. Гишүүд сонгогдохдоо сайхан юм яриад санал авдаг ч, түүнээс хойш иргэддээ тайлангаа тавьдаггүй. Тийм учраас яг ямар ажил хийв, улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт юу хийв гэдгийг иргэд мэдэхгүй байна. 

Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүдийн зарим нь ЖДҮ-ийн зээл авч, нөгөөдүүл нь попорсон хүмүүс л байна. Одоо сонгууль боллоо гэхэд сонголт алга. Өөр ямар шинэ хүмүүс ирэхийг хэлж мэдэхгүй юм. Сайхан зүйл яриад, түүнд нь итгээд санал өгдөг ч ажил хийх хүн олдохгүй байна. 

Н.Болдбаатар: Д.Оюунхорол гишүүнийг хурал дээр унтаж байгааг нь харсан 

/Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн/

-Манай тойргоос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдсон. Ард түмэнд таалагдсан, эх орондоо хэрэгтэй ямар ажил хийснийг мэдэхгүй байна. Хурал дээр унтаж, нойрмоглож байгааг нь олон удаа харсан. Үүнээсээ болж олон нийтийн шүүмжлэлд өртсөнийг хүн болгон мэдэж байгаа биз дээ. Нас өндөр болж, ядарч байгаа бол дахиж УИХ-д суух хэрэггүй. Амрах хэрэгтэй.

Нөгөөдүүлийг нь сайн мэдэхгүй юм. Ж.Батзандан, С.Жавхлан нар телевизээр ярьж байгаа харагддаг. Иргэдэд таалагдах гэсэн попорсон хүмүүс л байна. Ажил хийх сэтгэлтэй хүн олдохгүй байгаа учраас улс орон хөгжихгүй байна шүү дээ.


5 сэтгэгдэл

  • Manaih 7 horoond bdag. Oyunhorol bairnii gadaa ireed baahan hudlaa amlalt ugch bgaad yavsan. Ene hun mash zalijin shunaltai hun. Gishuun baihdaa dandaa uls ornoo hohirooson, baigali an amitand haltai, zuvhun uuriin bayjih huseldee hutlugdsun uls turd suuh es zuigui hun yum bnaa. Songuulid garsanaasaa hoish neg ch udaa uzegdej bgaagui

  • Manaih 7 horoond bdag. Oyunhorol bairnii gadaa ireed baahan hudlaa amlalt ugch bgaad yavsan. Ene hun mash zalijin shunaltai hun. Gishuun baihdaa dandaa uls ornoo hohirooson, baigali an amitand haltai, zuvhun uuriin bayjih huseldee hutlugdsun uls turd suuh es zuigui hun yum bnaa. Songuulid garsanaasaa hoish neg ch udaa uzegdej bgaagui

  • Энэ арай дэндэж бна. Ждү чдийг шалга

  • Энэ хулгайчуудыг шалгаачээ. Барьж хориочээ

  • Энэ хулгайчуудыг шалгаачээ. Барьж хориочээ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа